top of page

ЦЭВЭР ЗЭС БА ЗЭСЭН ЭДЛЭЛ БОЛОВСРУУЛАХТЕХНОЛОГИЙН ИННОВАЦЛАЛ

  • Writer: Я.ГОМБОСҮРЭН /Аж үйлдвэрийн гавьяат  ажилтан, доктор (Sc.D),  профессор/
    Я.ГОМБОСҮРЭН /Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор (Sc.D), профессор/
  • 13 hours ago
  • 3 min read

Монголын уул уурхайн салбарын хөгжлийн гараа. Анх 1922 оны 12-р сарын 25-д Ардын засагт засгийн газраас Налайхын нүүрсний уурхайг улсын болгох тухай тогтоолоор манай уул уурхайн салбарын үүсэл хөгжлийн эхлэл тавигдсан түүхтэй. Тэр үед тус уурхай нь 81 мянган тонн нүүрсийг морин зүтгүүрээр далд уурхайн налуу амаар гаргаж, нийслэл Хүрээнд нийлүүлдэг байжээ.

1958 онд жилд 600 мянган тонн нүүрс гаргах хүчин чадалтай Налайхын их уурхай ашиглалтад орсон бөгөөд тэр үед модон тэлүүрэн бэхэлгээ бүхий нүүрс олборлолтын нэгж тус бүр 100 м урт бүхий 12 лаавны ажлын орон зайн уулын даралтын удирдлагыг уурхайчид булчингийн хүчээр гүйцэтгэдэг эрсдэлтэй нөхцөлд ажилладаг байсан юм.

Би Налайхын уурхайн зардлаар Москвагийн Уул уурхайн улсын дээд сургуулийг төгсгөж 1959 онд ирээд Налайхын их уурхайд туслах инженер, ерөнхий инженерээр ажиллаж байхдаа байгаль экологид ээлтэй нүүрс олборлолтын ОМКТМ төрлийн иж бүрэн төхөөрөмжийг нэвтрүүлэх төслийг санаачилж байсан юм. 1962 онд өнөөгийн нэршлээр инновацын асар өндөр өртөг бүхий ОМТКМ иж бүрэн төхөөрөмжийг захиалан авах ба анхны лааванд угсрах ажлыг АҮЯ-ны сайд байсан МУ-ын Хөдөлмөрийн баатар Паавангийн Дамдингийн хүчтэй дэмжлэгтэйгээр хүнд үйлдвэрийн хэлтсийн гар нийлсэн инженерийн баг ба Налайхын уурхайчид амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглэж байна.

Уул уурхайн салбарын анхны инновацийн төслийн тухайд

1970 онд Налайхын их уурхайн анхны лааванд уг иж бүрэн төхөөрөмжийг монтажилсны технологийн инновацийн гол үр дүн:

  • Нэгдүгээрт: жилд 600 мянган тонн нүүрс олборлолтын 12 лаавны тоог 2 хүртэл цөөрүүлсэн

  • Хоёрдугаарт: өмнө нь 1000 тонн нүүрс гаргахад 70 м³ бэхэлгээний мод зарцуулдаг байсан бол 10 м³ хүртэл бууруулж, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ойг их хэмжээгээр огтлон Туул голын урсгалд ноцтой нөлөөлж байсныг багасгаж чадсан — ингэснээр экологийн давхар ач холбогдлоо өгсөн

Би 1988–1991 онуудад СЭВ буюу Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн Нарийн бичгийн дарга нарын газрын Өнгөт металлургийн хэлтэст зөвлөхөөр ажиллаж байх үед гидрометаллург болон геотехнологийн аргаар ашигт малтмалыг боловсруулах төсөл хэрэгжиж, жилд 3000 т катодийн зэс боловсруулдаг туршилтын үйлдвэр Казахстанд байршдаг байв. Геотехнологи гэдэг бол уул уурхайн салбарын ирээдүй.

Монголын уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд анхаарах зүйлс

Уул уурхайн шинжлэх ухаан бол геологи, геофизик, геомеханик, геодези болон байгалийн олон шинжлэх ухаануудын уулзвар шинжлэх ухаан юм. Уул уурхайн шинжлэх ухааны онолын үндэс нь эрдэс баялгийг иж бүрдлээр ашиглах бүлгийн онолын зарчим мөн бөгөөд гаргалгаа нь байгалийн эрдэс баялгийн цогцолбор, стратегийн ашигт малтмалын бүлэг ордуудыг түшиглэж, кластерлан хөгжүүлэх чигч бодлого, бүсчилсэн дэд бүтцийн интеграцлалийн алхмууд байх боломжийг ашиглах хэрэгтэй.

"Эрдэнэт ТӨҮГ", "Оюу Толгой" ХХК-ийн зэсийн баяжмалыг түшиглэн байгуулагдах зэс хайлуулах заводын үндсэн өгөгдөл, технологийн параметрийн сонголт ба байршилтыг товлох талаарх судалгааны ажлуудын тайлан, шинжээчдийн санал (Монгол улсын зохиогчийн эрхийн гэрчилгээ № 8848) шинэ бүтээлээр манай зэсийн баяжмалыг хайлуулдаг БНХАУ-ийн зэс хайлуулалтын буцаалтын штейнээр монголд зэс хайлах завод байгуулах гадаад худалдааны тэнцүү солилцооны нөхцөл ба тээвэр логистик интеграцлал, технологийн тодорхойлолт боловсруулсан байна.

Монголд зэс хайлуулах заводыг буцаалтын штейнээр байгуулах төсөл

БНХАУ-ын "Volant Industry" компани МУ-ын "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захиалгаар жилд 170 мян.т зэс гаргах хүчин чадалтай зэс хайлуулах заводыг монголын нутаг дэвсгэрт шинээр байгуулна.

Технологийн үйл явц:

  • Зэсийн баяжмал хайлуулалтаас үүсэх нийт 50–70%-ийн SO₂ дайвар хийг БНХАУ-д үлдээж, бага хүхэрт баян (45–60% Cu) штейныг хатуу байдлаар баяжмал үйлдвэрлэгчид буцаана

  • Буцаалтын штейнийг МУ-ын зэс хайлуулах заводад 1250°С-т конверторлон хар зэс (98.4–99.4% Cu) болгоно

  • Дөлөн цэвэршүүлэлт, электролизийн сонгомол технологиор катодын зэс (99.99% Cu) үйлдвэрлэнэ

  • Анодын шааргаас нэмэлт технологийн шугамаар алт (Au), мөнгө (Ag), селен болон бусад үйлдвэрлэнэ

  • Зэсийн заводын технологийн аммонийн хийг H₂SO₄-оор тунадасжуулж, аммон сульфат бордоо үйлдвэрлэж экспортлохоор төлөвлөжээ

Конверторын шааргийн найрлага: 17–30% SiO₂, 50–55% Fe, 3% Al₂O₃, 15–25% Cu ачуулна (жорыг балансын хайлуулалтын туршилтаар тогтооно).

Зэсэн эдлэл үйлдвэрлэлийн технологи

"UPCAST" технологийн процесс (Финланд):

  • Ачаалах машин → хайлуулах зуух → ховилон тэвш → хуваарилах зуух → сунаах машин (5м) → удирдах самбар → ороолтын хурд тохируулах тоноглол

  • Уламжлалт технологитой харьцуулахад эрчим хүч 30% хэмнэнэ

  • Экструдинг процесстэй харьцуулахад хаягдал багатай — 5–6%

  • ПМС-П маркийн нунтаг зэсийн гарц уламжлалт аргын 3.5%-аас 30% хүрнэ

Дүгнэлт

Одоогийн байдлаар Монгол улсын экспортын зэсийн баяжмалуудад нийлбэрээр зэс — 670 гаруй мянган т, алт — 22.2 т ("ОТ" ХХК), мөнгө — 156 т ("Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ба "ОТ" ХХК) олон улсын зах зээлд нийлүүлж байна.

Санал болгох зөвлөмж:

  1. Манай зэсийн баяжмалуудыг боловсруулдаг БНХАУ-ын зэсийн заводод явуулах зэс хайлуулалтын балансын туршилтын үр дүнгээр хятадын талтай хамтарсан судалгааг гүйцэтгэх замаар буцаалтын штейнээр монголд зэс хайлуулах заводыг электролитын шламийг боловсруулж үнэт металлуудын доре хайлш боловсруулах цехтэйгээр байгуулах банкны ТЭЗҮ боловсруулах.

  2. Катодын зэс ба зэс боловсруулж зэсэн гуурс, радиаторын зэс, зэсэн болон зэсийн байван ба бусад нэр төрлийн зэс эдлэлийн технологийн туршилт судалгааг сонирхогч орнуудын шинжээчидтэй хамтран явуулах.

  3. Таван толгойн ДЦС байгуулах төслийн МУ-ын Засгийн газрын техникийн даалгаварт зэс хайлуулах үйлдвэр, алт цэвэршүүлэх завод болон Аж үйлдвэрийн кластерийн бүрэлдэхүүнд багтах малын гаралтай түүхий эд болон барилгын материал, орон нутгийн бусад баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилт тавигдаж байна.

Эдгээр гурван зорилтыг багцлан МУ-ын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэхийг зөвлөмж болгов.

Comments


bottom of page