top of page

АЖ ҮЙЛДВЭРИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУВЬСГАЛЫН ҮЕИЙН УУЛ УУРХАЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА

  • Writer: Др. Проф. П.ОЧИРБАТ
    Др. Проф. П.ОЧИРБАТ
  • 13 hours ago
  • 8 min read

XXI зуунд хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд гарч буй нэгэн шинэ үе бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу оюуны хувьсгал юм. Үүгээр уул уурхайн шинжлэх ухаанд бас нэг хувьсгал гарч киберфизикийн систем, тоон технологи, 3D технологи нэвтэрч хөдөлмөрийн агуулга хэлбэрт хувьсгал гарч байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай зэрэгцэн уул уурхайн шинжлэх ухааны судлах зүйл, чиглэлд “газар, хөрөнгө” хоёрын дээр оюун ухаан, технологи, инновацын чиглэлтэй бүтцийн өөрчлөлт гарч байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал мөн чанартаа тогтвортой хөгжлийн шаардлагыг хангах “оюуны хувьсгал” байх аж. “Индустр-4.0” хөтөлбөрт хэрэглэгдэж буй нэр томъёо, ойлголт нь бүхэлдээ оюун ухааны орчныг илэрхийлж байна.

• Хиймэл оюун ухаан

• Ухаалаг аж үйлдвэр

• Эд зүйлсийн интернет

• Үүлэн тооцоолол

• Дата мэдээлэл

• Киберфизикийн систем

• Тоон эдийн засаг

• Дижитал эдийн засаг гэх мэт.


ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ:

• Ухаалаг орд (умные месторождение),

• Эдийн засгийг оюунжуулах

• Оюунлаг ажилтан

• Тоон эдийн засаг гэх зэрэг


Энэ хувьсгалын энергийн эх үүсвэр нь газар тэнгэрээс гаралтай нүүрс, занар, нефть, уран, газ, ус, нар, салхи байх юм. Ухаалаг технологийн хувьсгалын үр дүнд жолоочгүй машин, нисгэгчгүй дрон, ухаалаг робот, 3D технологи, газрын гүнд хүний үйл ажиллагааг компьютерын программаар орлон гүйцэтгэх киберфизикийн системийн төстэй үйлдэл бүхий эд зүйлсийн интернэт бүхий мэдээлэл солилцох, нэгтгэх сүлжээнд холбогдож болох бүх төрлийн төхөөрөмж багтана. Тоон мэдээлэлд тулгуурласан дижитал систем энд хамаарна. Монгол улс аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлэх ажлаа юунаас эхлэвэл оновчтой вэ? Нэгдүгээрт: Хиймэл оюун ухааны хөгжлийн төвшингөөр Монгол улс дэлхийн улс орнуудтай гарааны ижил нөхцөлд байна гэж үздэг. Энэ боломждоо тулгуурлан хүчээ нэгтгэж сургалт, зохион бүтээх том төвтэй, өргөн сүлжээтэй болж төрөөс санхүүжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт: Аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалын шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэх ажлыг онцгой анхаарч, цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай. Үүний тулд их дээд сургууль, коллежийн программыг шинэчлэх, гадаадад сургах ажлыг зорилтот программын үндсэн дээр эрчимтэй, олон арваар явуулж сургах хэрэгтэй. Гуравдугаарт: Төрөөс бодлогын чанартай баталсан эрх зүйн доорх баримт бичгүүдийг эн тэргүүнд аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалын шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж, батлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Үүнд:

1. Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль (2015)

2. Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого (2013)

3. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого (2015-2030)

4. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого (2015)

5. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль (2015)

6. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 (2016)


Эцэст нь Аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал нь оюуны хувьсгал гэдгийг үндэслэж Монгол улс, монгол хүний оюуны потенциал, шинжлэх ухаанд тулгуурлан “киберфизикийн систем, эд зүйлсийн, тоон эдийн засаг” зэрэг оюуны хувьсгалын гол үзүүлэлтээр дэлхийн тэргүүлэгч орнуудтай хамт барианд орох, чадвал айргийн тавд багтах хэрэгтэй байна. Аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалын шинжлэх-судлалын чадавхыг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн арга хэмжээ авах нь зүйтэй байна.

1. Яамдын инновацын болон өндөр технологийг хөгжүүлэх стратегийг боловсруулахад туслах шинжлэх ухааны болон аж үйлдвэрийн тэргүүлэх эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн зөвлөх хэсгийг зохион байгуулах,

2. Хиймэл оюун ухааны хөгжүүлэх төвийг зохион байгуулж аж үйлдвэрийншинэ инновацын технологи болон программ хангамжийг боловсруулахад хиймэл оюуныг ашиглах ажлыг эхлүүлэх,

3. Аж үйлдвэр-4.0 (Индустр-4.0) хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны оновчтой эсэхийг судалж дүгнэх, 66 институтийг нэгтгэсэн Германы Фраунгоферовын нийгэмлэгийн туршлагатай танилцаж, Монголын ШУА хамтарч ажиллах боломжийг судлах гэх мэт.


Бодит амьдрал дээр XXI зууны эхний 50 жилд эрдсийн түүхий эдийн хэрэглээ 5 дахин нэмэгдэнэ гэсэн таамаглал байгаа. Энэ өсөлтийг уул уурхайн аж үйлдвэрийн арга техникээр хангах боломжгүй. Ийм ачааллыг экосистем даахгүй. Ийм хэрэгцээг хангахын тулд ашигт малтмал олборлох технологийг үндсээр нь сольж өөрчлөх, ордыг ухаалгаар үнэлэх, ухаалаг цооног, тоон орд, ухаалаг ордыг танин мэдэх эрдсийн эдийн засгийг оюунжуулах, оюунлаг ажилтан бэлтгэх, тоон эдийн засгийг хөгжүүлэх зэрэг шинэ зарчмыг бүтээх шаардлагатай. Үүгээр уул уурхайн шинжлэх ухааны ирээдүй тодорхойлогдож байна. Оюуны багтаамж ихтэй бүтээгдэхүүн гэж бидний яриад байгаа мөрөөдлийн мөн чанар үүнд байгаа юм. Аж үйлдвэржилтийн зууны ашигт малтмалыг олборлож байгаа арга нь үндсэндээ физик механикийн шинжлэх ухааны зарчим дээр суурилсан хүдрийн биетийг өрөмдлөг, тэсэлгээ, ачилт, тээвэрлэлт, бутлалт, шигшилт, ангилал, угаалга гэсэн хатуу биеийн физик, түүний бүтээгдэхүүнийг механик аргаар боловсруулах технологи давамгайлж байна. Энэ нь газрын гадаргуу болон газрын хэвлийг үлэмж их ачааллаж хүрээлэн байгаа орчны даацыг ямагт хэтрүүлж байна. 70 сая шоо метр уулын чулуулаг ухаж тээж овоолон байж 25 сая тонн хүдэр олборлож түүнээс 130 мянган тонн зэс агуулдаг 450 мянган тонн баяжмал үйлдвэрлэдэг ийм л хэмжээнд Эрдэнэт үйлдвэр ажиллаж байна. Цаашлаад энэ зэсийг хайлуулах үйлдвэр барихад шаардагдах эрчим хүч, ялгарах хий, эзлэх талбай гээд байгальд үзүүлэх дарамт улам нэмэгдэнэ. Тэгвэл физик, хими, геобиотехнологид суурилсан гидрометаллургийн технологи нь ашигт малтмалыг орд дээр нь уусган боловсруулж эцсийн бүтээгдэхүүн катодын зэс үйлдвэрлэдэг болбол яах вэ? наад зах нь иймэрхүү, цаашлаад үүнээс улам нарийн нунтаг металлын технологийг буй болгохыг уул уурхайн шинжлэх ухаанаас шаардаж байна. Хэрэв ашигт малтмалыг олборлох технологид зарчмын шинэчлэлт хийгдэхгүй бол өмнө зарцуулдаггүй байсан экологийн зардалтай хамт эцсийн түүхий эдийн өртөг асар ихээр нэмэгдэнэ. Цаашлах тусам агуулга багатай ашигт малтмалыг улам их гүнээс олборлох болно. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах шаардлага, зардал улам нэмэгдэнэ. Бас эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Өөрөөр хэлбэл улам ярвигтай, хүнд нөхцөлтэй хөдөлмөрийн хэрэгслийг байгальд халгүй, зардал багатай, ашигт малтмалыг иж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах чадвартай тийм технологийг бүтээхэд уул уурхайн шинжлэх ухааны шинэ үеийн зорилго оршиж байгааг давтан хэлье. Ашигт малтмалын ордыг ашиглахад түүний эдийн засаг, үр ашиг, экологийн тэнцвэрийг иж бүрэн судлах нь уул уурхайн шинжлэх ухааны салшгүй хэсэг.Ашигт малтмалыг олборлохтой холбогдсон шинжлэх ухаанд хоёр үндсэн чиглэлийг салгаж авч үзэж болно. Нэг нь ашигт малтмалын ордын физик геологийн тогтоцтой холбоотой (ордын геометрийн хэмжээ, ашигтай эрдсийн агуулга, хүдрийн болон чулуулгийн физикийн шинж чанар, гидрогеологийн нөхцөл г.м) үйлдвэрлэлийн хэрэгслийн хүрээг судална. Нөгөө нь ашигт малтмалыг олборлох, боловсруулах технологийг боловсруулах чиглэлийн судалгаа юм (арга, хэрэгсэл). Энэ нь ордыг нээх аргыг судалж сонгох, ордыг ашиглах технологи, ашиглалтын систем, уулын ажлын горимын судалгаа, тээвэрлэлт, уулын цулыг гадаргууд гаргах, хүдрийг баяжуулж боловсруулах оновчтой схемийг тодорхойлох зэрэг үйлдвэрлэлийн технологийн хүрээнд явагдана. Өөрөөр хэлбэл судалгаа нь үйлдвэрлэлийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн технологи гэсэн хоёр чиглэлээр хийгдэх болно. Судалгааны үзүүлэлтүүд орд бүр дээр харилцан адилгүй байна. Хоёр дахь чиглэлийн судалгааны үр дүн нь нэгдэх чиглэлийн нөхцөлөөс шууд шалтгаална. Өнөөгийн ашигт малтмал олборлож байгаа сонгодог арга бол газрын хэвлийд байгаа эрдэс агуулсан хүдрийг уулын чулуулгаас салгаж хэсэгчлэн цул байдлаар ухаж авч ашиглаж байна. Ингэж авсан цул хүдрээ бутлах, нунтаглах, шигших, угаах, хөөсрүүлж хөвүүлж хамж авах, уусгах, хайлах зэргээр боловсруулж эцэст нь цэвэр эрдсийг ялгаж авдаг машинжсан технологитой олон дамжлагатай үйлдвэрлэлийн арга зонхилж байна. Уг нь тухайн эрдэс байгаль дээр орд болон бүрэлдэн тогтохдоо техникийн оролцоогүйгээр ус, агаар, халуун хүйтний, физик, механик, химийн үйлчилгээний олон сая жилийн задрал, нэгдэл, хувьсал, миграцын явцад хуримтлагдсан байж таарна. Ингэж хуримтлагдсан эрдсийг олборлож ашиглахдаа түүний хуримтлагдсан зүй тогтлыг нь эргүүлж өөрт нь хэрэглэвэл ямар вэ? гэсэн инновацын хандлага байгаа юм. Задлах процессын хурд бүрэлдэн тогтсон процессоос олон сая дахин хурдан байх шаардлагатай нь мэдээж. Үүний тулд илүү идэвхтэй бактери, химийн урвалж хэрэглэж 70 сая м3 чулууг ухаж буталж, зөөж овоолж, газрын хэвлийг сэндийлж, газрын гадаргуугийн унаган төрхийг алдагдуулалгүй, байгаль орчныг гэмтээлгүй 130 мянган тонн зэсээ ялгаад авчихдаг машингүй технологид (Эрдэнэтэд) шилжих явдал уул уурхайн шинжлэх ухааны ирээдүй юм. Өнөөгийн зарим төрлийн ашигт малтмал дээр хязгаарлагдмал хэмжээгээр хэрэглэж эхэлж байгаа газрын гүнд уусгаж боловсруулах технологи (алт, уран, зэс) нүүрсийг газрын гүнд хийжүүлэх, метан ялгаж авах (нүүрс) зэрэг технологийн хэрэглээний хүрээг өргөтгөх эрдэс бүр дээр технологийн минералогийн судалгааг нарийн хийж, олборлох боловсруулах технологийг нэгтгэн ион, молекул, атомын түвшинд хийх явдал уул уурхайн шинжлэх ухааны ирээдүй юм. Нэгэнт хүний нийгмийн хөгжлийн материаллаг үндэс нь байгалийн нөөц байсаар ирсэн, цаашид энэ хэрэгцээ улам өсөх хандлагатай байгаа нөхцөлд эдийн засаг, эдийн засгийн үр ашиг гэдэг сонгодог ойлголт онолуудыг үндсээр нь өөрчилж эдийн засгийн шинэ онол Гипроэдийн засгийн онолыг “Эконологи технологи-эдийн засгийн нэгдлийн хууль”-ийг тогтвортой хөгжлийн үндэс болгон мөрдөх ёстой байна. Эдийн засгийн үр ашгийг дагнан шүтсэн сонгодог онол хүн төрөлхтнийг оршин амьдрах орчингүй болгох аюул руу хөтөлснийг XX зууны сүүлийн хагаст танин мэдэж хүлээн зөвшөөрч шинэ мянганд Тогтвортой хөгжлийн загварыг сонгон дэлхий дахинаа тунхаглан зарлаад байгаа билээ. Энэ нь үнэн хэрэгтээ Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын суурь болж байна. Тогтвортой хөгжлийг хангах ухаалаг технологийг боловсруулах шинжлэх ухааныг үйлдвэрлэх хүчин гэж үзэж энэ хоёрын төвшингээр эдийн засгийн үр ашгийг тодорхойлдог онолыг Гипроэдийн засгийн онол гэнэ. Аж үйлдвэрийн IV хувьсгал гэдэг маань үнэн хэрэгтээ экологид захирагдах эдийн засаг буюу экотехнологийн ухаалаг хөгжил гэсэн утгыг агуулж байна. Өнөөдрийн уул уурхайн технологийн түвшин дээрх шаардлагаас доогуур байгаа нь бодит үнэн. Чулуун зэвсгийн үеэс эдүгээг хүртэл хүн төрөлхтөн байгалийн нөөцийн ил байгаа харагдсан бүхнээ, агуулга баянтай өнгөн хөрсөнд ойр байсан бүхнийг сорчлон, амарчлан хэрэглэсээр агуулга багатай газрын хэвлийн ихээхэн гүнд орших эрдэс баялаг нь “гологдож” үлдсэн нь бас бодит үнэн. Ийм баялгийг өнөөгийн технологиор олборлоно гэвэл дэлхийн хэвлийг хөндийлж хөрсөн дээр нь овоолж олон зуу, мянган шоо метр уул босгож байж өнөөгийн хэмжээний эрдэс олж хэрэглэхэд хүрч болзошгүй. Ийм байдалд хүргэхгүй байх технологи уул уурхайд хэрэгтэй. Ийм технологийг буй болгох шинжлэх ухаан уул уурхайд хэрэгтэй. Үүний тулд уул уурхайн шинжлэх ухаан бусад шинжлэх ухааны салбаруудтай хамтарч хөгжих шаардлагатай. Байгалийн, техникийн, нийгмийн шинжлэх ухааны бүх салбарын судалгааны уулзвар (синтез) дээр уул уурхайн шинжлэх ухааны үр дүн зангилагдаж технологийн шинэ төрлүүд үүсэж туршигдаж зүгшрэгдэж хөгжих болно. Нийгмийн хөгжил, амьдралын чанар энэ бүхэн шинжлэх ухаан технологийн дэвшил дээр тулгуурласан байна. Энэхүү дэвшлийг түгээх явдал бага юмаар их хэрэгцээг хангах боломжийг буй болгоно гэсэн үг. Нэгэнт шинжлэх ухаан үйлдвэрлэх хүчин болж дижитал эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх хөшүүрэг мөн юм бол эрдэм шинжилгээний ажилтны оюуны төвшин эрдэмтдийн ажлын үр дүн “шинэ ухамсар”, “шинэ үзэл” дээр суурилсан оюунлаг боловсруулалт, технологийн инноваци байх ёстой. Эдийн засаг экологи хоёрт хандах хандлага системийн чанартай нэг медалийн хоёр тал байх ёстой. Аливаа шийдлийн үр дагаврыг амьдралын мөчлөгийн бүх хугацаанд бодож үнэлсэн байх учиртай. Өөрөөр хэлбэл ирээдүйд гарч болзошгүй үр дагаврыг үнэлэхгүйгээр үйл явдлыг эхлүүлж болохгүй гэсэн зарчим байна. “Оюуны мандалд дураараа дургих боломж нэн хязгаарлагдмал: шим мандалд үзүүлэх хүний үйл ажиллагаа нь дэлхийн уг үйлдэлд дасан зохицох чадвараар хэмжигдэх болно” гэж В.И.Вернадский, Тейяр де Шарден нар хэлсэн байна. Өөрөөр хэлбэл үүний цаана хүний тэсэж үлдэх оршин тогтнох асуудал байна гэсэн үг. Үүнийг уул уурхайн жишээн дээр авч үзвэл:

1. Уул уурхайн ашиглалт нь техникийн мандлын ухаалаг дэвшилд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг. Бодит байдалд тоон зээлийн эдийн засаг үүн дээр тогтдог.

2. Газрын хэвлийгээс ухаж авч байгаа ашигт малтмалын үнэ цэнийг өдий хүртэл жинхэнэ ёсоор нь үнэлж чадаагүй. Үнэлэх аргачлал ч үнэн хэрэгтээ байхгүй. Экологийн болон тоон эдийн засгийн эрэлтийн хэтийн төлөвийг хэн ч үнэлдэггүй. Тийм учраас улс орон бүрд үнийг ухаалаг бус хүчин зүйлийн хамаарлаар тогтоодог. Тэр ч бүү хэл улс төрийн, хувийн хүчин зүйлийн нөлөөлөл байна. Тухайлбал, экологийн зардлын өсөлтөөр тодорхойлдог. Алт зэсийн үнийн өсөлтөөс 68 хувийн татвар ногдуулж байгааг нэг хүний харалган санаачилгад тулгуурласан улс төрийн шийдэл гэж үздэг. Түүнийгээ хүлээн зөвшөөрдөг.

3. Ашигт малтмалын бодит өртөг гэдэг бол тухайн цагийн түр зуурын хожоо биш, энэ бол бүх хэрэглэгчийн хэрэгцээ, үйлдвэрлэгчийн боломж, экологийн зардлыг шингээсэн өртөг байх ёстой.

Уул уурхайн асуудлыг шийдвэрлэхдээ нэг талаар байгалийн экологийн боломжийн хязгаар, нөгөө талаар эрдсийн түүхий эдийн нөөц дэлхийн зах зээлийн хэрэгцээг харгалзах учиртай. Энэ нарийн төвөгтэй хорвоод тэсэж үлдэхийн тулд байнга шинэчлэгдэж шинэ нөхцөл байдалд ухаалгаар сэтгэж шинээр амьдрах арга замыг тасралтгүй хайх шаардлагатай. Үүний тулд шинжлэх ухаан, технологийн (ШУТ) хөгжлийг эрчимтэй урагшлуулахаас өөр арга байхгүй. Шинжлэх ухаан, технологийн хөгжил гэдэг бол: • Үйлдвэрлэх хүчний хөгжлийг чанартай өөрчлөн хувиргах нөхцөлийг хангахаар үйлдвэрлэлийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн зэвсгийг (технологи, менежмент, маркетинг, экологи) хөгжүүлэх оюунлаг арга; • Үйлдвэрлэлийн эдийн засаг, нийгэм экологийн үр ашгийг дээшлүүлэх хөшүүрэг; • Нийгмийн зорилт, нийгмийн үйлдвэрлэлийн харилцааны зөрчлийг шийдвэрлэх хэрэгсэл; • Техникийн шинэчлэлийн арга хэмжээг боловсруулахдаа үр ашиг нь зардлаасаа давж байх нөхцөлийг хангасан байх зэрэг ойлголтуудыг хэлж байна. ШУТ-ийн эцсийн зорилго нь нийгмийн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэхэд орших юм. • Уул уурхайн шинжлэх ухаан нь технологийн шинжлэх ухаан болохын хувьд технологийн хөгжилд гарч буй зарим дотоод зөрчлийг арилгах арга ухааныг олох явдал энэ шинжлэх ухааны тулгамдсан зорилтын нэг мөн. • Техникийн дэвшлийн хурд хүний хэрэглээний өсөлтөөс хоцорч байна. • Зардал ихтэй үйлдвэрлэлийн хэрэгслийг ашиглах болсноор үр ашиг буурах хандлага гарч байна. • Технологийн төгөлдөржилт нөөцөө барж инновацийг түргэтгэх шаардлага нэмэгдэж байна. • Эдийн засагт капиталын бүтцийн эзлэх хэмжээ улс, орон, бүс нутгийн хүрээнд ялгаа ихтэй байна.

Эдийн засагт хүний хүчин зүйлийн эзлэх хэмжээ. 1994 оны үзүүлэлт /хувь

Эх сурвалж: В.Ж.Ареньс “Творчество в науке” 204-р тал
Эх сурвалж: В.Ж.Ареньс “Творчество в науке” 204-р тал

Капиталын бүтцийн дээрх үзүүлэлт Монголд 20; 28; 52 орчим байх шиг байна. Шинжлэх ухааны үүрэг үйлдвэрлэлд ямар хэмжээнд байх ёстой вэ? Үйлчлэгчийн үүрэгтэй юу? Хөтлөгчийн үүрэгтэй юу? гэдэг асуудал тавигддаг. Хариу нь хөтлөгчийн үүргийг гүйцэтгэх учиртай гэж гарч байна. Шинжлэх ухаан ийм түвшинд хүрэх учиртай ажээ. Шинжлэх ухааны дээрх зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монголын Уул уурхайн шинжлэх ухааны академи Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академитай нягт хамтран ажиллах шаардлагатай байна.

Comments


bottom of page