top of page

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ-ШИЙДЭЛ

  • Writer: Ц.НАНЗАД /Академич,Шинжлэх  ухааны гавьяат ажилтан, доктор (Sc.D),  профессор/
    Ц.НАНЗАД /Академич,Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор (Sc.D), профессор/
  • 13 hours ago
  • 6 min read

Уул уурхайн салбар нь манай улсын аж үйлдвэрийн салбарт голлох байр суурь эзэлж ирсэн бөгөөд цаашдаа ч энэ хандлага байсаар байх болно. Үүнийг манай улсын статистикийн хамгийн сүүлийн тоо баримтаас дараах байдлаар харж болохоор байна.

Манай улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэлээр 14.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (8.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 698.9 (7.2%) тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 356.2 (11.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь ихээхэн нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 698.9 (7.2%) тэрбум төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 632.8 (27.5%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 186.7 (2.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цэвэршүүлээгүй алт, мөнгөний баяжмал, цайрын баяжмал олборлолтын биет хэмжээ 0.6 хувиас 2.2 дахин өсөж, харин хүрэн нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, чулуун нүүрс, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал, газрын тос олборлолт өмнөх оны мөн үеэс 4.8–66.9 хувиар буурчээ.

Гадаад зах зээлд 2022 оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэлээр 12.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 11.5 их наяд нь уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын 56.2 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 39.4 хувийг нүүрс олборлолтын салбар, 3.9 хувийг газрын тос олборлолтын салбар, 0.5 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.

Дээрх тоо баримтаас харахад уул уурхайн салбар улс орны эдийн засгийг үүрч яваа салбар яах аргагүй мөн. Иймд эдийн засгийн хүндхэн байдлаас гарах, цаашдаа хөгжлийг түргэтгэх шийдлийн нэг нь уул уурхайн салбарт улс төрийн нөлөөллийг багасгах, одоо ид яригдаж байгаа нүүрсний хулгай, алт хилээр гаргах гэх мэт зүй бус зүйлийг гаргахгүй байх арга механизмыг бий болгох ёстой. Энэ нь миний бодлоор шударга, ажил хэрэгч, хууль дээдлэгч, улсын эрх ашгийг эрхэмлэгч, чанартай боловсрол эзэмшсэн, мэргэжлийн өндөр мэдлэгтэй хүний нөөцийг бий болгохоос гадна хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг заавал хангадаг байх шаардлагатай.

Манай улсын эдийн засгийн гол тулгуур болох уул уурхайн салбар үүсэж хөгжиж ирсний түүхт 100 жилийн ой тохиож байгаа энэ түүхэн үед өнгөрснөө цэгнэн дүгнэх, цаашдын хөгжилд өөрийн санал бодлоо илэрхийлэх нэгэн боломж бий болж байна гэж миний хувьд үзэж байна. Монголын уул уурхайн шинжлэх ухааны академи байгуулагдаж анхны товхимлоо гаргаж байгаад нь талархаж энэ салбарт байгаа зарим нэг дутагдалтай болон олон нийтэд ойлголтын зөрүүтэй байгаа зүйлийн талаар өөрийн бодол санааг дараах байдлаар илэрхийлэхээр толилуулж байна.

1. Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, сургалтын системийн талаар

Манай улсын хөдөлмөрийн насны хүн амын 47.5 хувийг залуучууд, хотын залуучуудын 39.2%, хөдөөгийн залуучуудын 22.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Ажиллах хүчний судалгааны 2020 оны IV улирлын байдлаар 15, түүнээс дээш насны хүн амын 1216.6 мянга (56.9%) нь ажиллах хүч, 918.1 мянга (42.1%) нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Нийт ажиллах хүчний 641.0 мянга (52.6%) нь эрэгтэйчүүд, 575.6 мянга (47.3%) нь эмэгтэйчүүд байна. Мөн нийт ажиллах хүчний 1124.6 мянга (92.4%) нь ажиллагчид, 92.1 мянга (6.6%) нь ажилгүйчүүд байна. (Эх сурвалж: www.1212.mn)

Өнөөгийн нийгэмд дээд боловсролын чанар муу байна гэх иргэд цөөнгүй байгаагийн сацуу тулгарч байгаа гол асуудал бол дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөгчдийн мэргэжлийн ур чадвар, төлөвшил нь ажил олгогчдын зүгээс тавьж байгаа шаардлагад нийцэж байгаа эсэх юм. "2017 оны их, дээд сургууль төгсөгчдийн ур чадварыг ажил олгогчдын оролцоотой үнэлэх нь" судалгаанд нийт 300 ажил олгогч хамрагдан төгсөгчдийн ур чадварын түвшнийг 4.13–4.97 байх шаардлагатай гэж тодорхойлжээ. Харин төгсөгчдийн бодит байдлын өнөөгийн түвшин 3.16–3.97 байна.

Дээд боловсролын чанар нь улам бүр чухал болж буй энэ цаг үед томоохон сорилт болж байгаа нэг асуудал нь дээд боловсролтой төгсөгчдийн ажил эрхлэлт хангалтгүй байгаа явдал юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа 2017"-д авч үзэхэд 68.4 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаагаас тэдний 69.6 хувь нь өөрийн эзэмшсэн боловсролын түвшнээс доогуур боловсрол, ур чадвар шаардсан ажлын байранд ажиллаж байна. (ХНХЯ, 2017)

Монгол улсын их сургуулийн бүрэлдэхүүнд Уул уурхайн тэнхимийг 1972 онд байгуулснаар дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх суурь тавигдсан. Харин үүнээс өмнө уул уурхайн дунд боловсролтой мэргэжилтэнг политехникумд бэлтгэж байсан бөгөөд тухайн сургуулийг төгсөгчид уул уурхайн салбарын үндэсний боловсон хүчний цөм нь болж байсан юм. Тэр үеийн 5 жилийн дээд боловсролын сургалтын чанар маш сайн байсан гэдгийг одоо бараг хүн бүр ярьж байна.

Бусад салбаруудаас ялгаатай нь техник технологийн салбарт инженер гэдэг ойлголт дэлхий нийтэд бий. ОХУ болон Европын улс орнууд техник технологийн салбарт бэлтгэгдэж байгаа дээд боловсролтой мэргэжилтэнүүд 5 жил сурч инженер болно гэж Евростандартын дагуу бүхий л сургалтын хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Гэтэл бид энэ бүхнийг үл тоож 4 жилээр бакалавр бэлтгэж байгаа нь техник технологийн салбарт нийцэхгүй, шаардлага хангахгүй байна. Иймд уул уурхайн салбар маань жинхэнэ инженерийн дутагдалд орж эхэлсэн байна.

Иймд салбарынхаа ирээдүйн хүний нөөцийг чанартай боловсрол мэдлэгтэй боловсон хүчнээр хангахын тулд одоогийн системд эрс шинэчлэл хийх загварыг дараах байдлаар санал болгож байна. Одоо ШУТИС, ГУУС-д бэлтгэж байгаа уул уурхайн чиглэлийн 6 мэргэжлээр (уул уурхайн ашиглалтын технологи, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалт, машин тоног төхөөрөмж, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, менежмент) бакалаврын түвшний боловсролтойгоор төгсгөж байна. Диплом дээр тийм мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөв гэж байгаа бөгөөд энэ нь инженерийн диплом биш юм.

Мэргэжилтнийг бэлтгэх шинэчлэлийн загвар дараах агуулгатай байна:

  1. Элсэгчид одоогийн хөтөлбөрөөр дөрвөн жил суралцаад голч нь 2–3 байвал бакалаврын диплом авч төгсөнө. Эдгээр төгсөгчдийн диплом нь ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургууль буюу коллежийг төгссөнөөр бичигдэнэ.

  2. Дээрх төгсөгчдөөс голч нь 3-аас дээш бол нэг жил үргэлжлүүлэн суралцаад 5 жилээр төгсөж инженерийн диплом авна. Эдгээр инженерээр төгсөж байгаа оюутнуудад ШУТИС-ийг Уул уурхайн инженерээр төгссөн диплом олгоно.

  3. Голч нь 3-аас дээш оюутнуудад нэг жил сургалтын төлбөр төлөхгүй суралцах боломж олгоно. Ингэснээр оюутнуудын сургалтын чанарт эрс өөрчлөлт гарна.

  4. Уул уурхайн үйлдвэрүүд голч өндөртэй, инженерээр суралцаж байгаа оюутнуудад ажлын байр санал болгох сонирхол нэмэгдэнэ.

  5. Нэгэнт 5 жил суралцан төгсөж инженерийн диплом авч байгаа тул цаашид инженерээр ажиллах итгэл бий болж чадамж дээшилнэ. Оюутнууд өөрсдөө хүсвэл мэргэжлийн магистрын хичээлүүдийг нэмж судалж болох боломжийг бий болгох хэрэгтэй.

  6. Бакалавраар төгсөгчид инженерийн албан тушаалд ажиллах боломж хомсдож тэд дунд мэргэжлийн мэргэжилтний албан тушаалд ажиллах аваас цаашид инженерээр суралцах сонирхол нэмэгдэнэ.

  7. Таван жил суралцсан, их сургууль төгссөн дипломтой инженерүүд гадаадын хөрөнгө оруулалттай ямар ч уул уурхайн үйлдвэрүүдэд ажиллах итгэл, чадамж, боломж бий болж монгол инженерийн нэр хүнд олон улсад өсөж үнэлэгдэнэ.

  8. Инженерээр сурахын зэрэгцээ судлаач-магистрын хөтөлбөр сонгож суралцаж болох бөгөөд энэ нь багш нарын бүрэлдэхүүнийг чанаржуулах нэг хөшүүрэг болно.

  9. Голч өндөр, инженерээр төгссөн, судлаач-магистраар төгсөж байгаа төгсөгч нь цаашдаа докторын зэрэг хамгаалахад хялбар дөхөмтэй байх бөгөөд шууд докторантурт элсүүлж төлбөргүйгээр суралцуулж залуу багшлах боловсон хүчин бэлтгэх боломж бий болно.

2. Техник эдийн засгийн үндэслэлийн талаар

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл аль нэг компанийн захилгаар техник эдийн засгийн үндэслэл боловсруулах эрх бүхий байгууллагын боловсруулсан ТЭЗҮ-г хэлэлцдэг болсон нь маш дэвшилттэй зүйл болсон боловч энэ ажилд тодорхой хугацааны дараа зайлшгүй тавигдах шаардлага бий болж байна.

Сүүлийн үеийн ТЭЗҮ-д байгаа нийтлэг дутагдал бол машин техникийн оновчтой зөв сонголт бараг хийгдэхгүй болсон явдал юм. Аливаа орд газар заавал өөрийн онцлог, ялгаатай тогтоцтой байдаг тул тэдгээр техникүүдийн насжилт, техникийн бодит байдалд заавал үнэлэлт дүгнэлт хийлгэж, цаашид ажиллаж болох үлдэгдэл нөөцийг мэргэжлийн багаар тодорхойлуулж баталгаажуулсан байхыг шаардаж холбогдох нотолгоог ТЭЗҮ-д тусгасан байх ёстой.

ТЭЗҮ-д нөхөн сэргээлт хаалт гэсэн бүлэг байдаг боловч энэ нь ухсан нүх рүүгээ овоолгоо буцааж түрж дүүргээд ургамлын үр цацсанаар нөхөн сэргээлт хийгдлээ гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Манай орны уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж байгаа энэ үед байгаль орчинд ээлтэй байдлаар хаалтыг хийх шаардлага бий болж байна. Цаашид:

  • Уурхайн ухашыг усаар дүүргэж хиймэл нуур байгуулах

  • Эргэн тойронд нь амралт аялал жуулчлалын цогцолбор, биеийн тамир, усан спортын байгууламж барих

  • Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойн төгөл, зурвас байгуулах

  • Овоолгыг битүү мод, бут, сөөг бүхий хиймэл уул болгож ан амьтан, шувуу нутагшуулах

зэрэг цогц арга хэмжээ тусгахыг шаарддаг байх хэрэгтэй байна.

3. Алт олборлолт болон алтны хяналтын талаар

Монгол банкинд алт тушаалт буурч байгаа тухай олон мэдээлэл цацагдаж байна. Тодорхой нэг компани алт олборлохоор хүсэлт ирүүлж А-лиценз авч үйл ажиллагаагаа явуулдаг. Тэрхүү лиценз дээр тухайн газарт хэдий хэмжээний алт байгааг улсын нөөцийн комисс баталсан байдаг.

Ийм гэрээнд тухайн компани жил бүр хэдий хэмжээний алт олборлохыг нарийн тусгаж, тэрхүү алтаа заавал монгол банкинд тушаахыг зааж өгөөд, хэрэв олборлолт дуусахад батлагдсан нөөц алтыг банкинд бүрэн тушаагаагүй бол зөрүүг хоёр дахин нугалж мөнгөөр төлнө гэсэн заалт оруулах шаардлагатай. Мөн тухайн компани эхний жилээс эхлэн өөрийн эрсдэлийн санг байгуулж, батлагдсан нөөцөө бүрэн олборлож банкинд тушаасан тохиолдолд уг сангаас мөнгөө авдаг байна гэсэн журам тогтоож хэвшвэл дурдсан дутагдал засагдаж монгол банк алтаа бүрэн авах боломж бүрдэнэ.

4. Монгол улсын баялгийн сангийн талаар

Газрын хэвлийн баялаг бүх ард түмний өмч. Иймд газрын хэвлийд байгаа ашигт малтмалыг олборлож байгаа бүх компани, аж ахуйн нэгжүүд өмчийн хэлбэр үл харгалзан баялгийн санд тодорхой хэмжээний хуримтлал өгдөг байхыг хуульчлан баталгаажуулах хэрэгтэй.

Ашигт малтмалын нөөц ашигласны татвар бол татварын нэг төрөл бөгөөд энэ нь төсөв бүрдүүлэхэд зориулагддаг. Иймд бүх ард түмний өмчид тулгуурлан ашиг олж байгаа компаниуд "Баялгийн сан"-д ашгаас тодорхой хувийг заавал өгөх замаар тухайн санг бүрдүүлэх хэрэгтэй.

"Баялгийн сан" нь улс төрөөс ангид байх ёстой бөгөөд ямар ч нам засгийн эрхэнд гарсан ч санд гар хүрэхгүй байх ёстой. Энэ сан нь ерөнхийдөө хөгжлийн нөөц сан болон онц ноцтой гай гамшиг тохиолдсон үед хэрэглэгдэхээр зохицуулагдах ёстой. Баялгийн сангийн тухай нээлттэй олон нийтэд тодорхой давтамжтайгаар мэдээлдэг байхаар зохицуулалт хийх хэрэгтэй.

Ашигласан материал

  1. "Монголын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь" — MONGWBL төсөл, 2021

  2. Үндэсний статистикийн хороо. Статистикийн мэдээ, 2022 оны 1–9 сар

  3. www.istu.ru · www.mmu.ru

Comments


bottom of page