Эрдэнэт үйлдвэрт ажиллав
- Purev-Ochir Togtokhbaatar
- Nov 16, 2025
- 2 min read
Монголын Уул уурхайн академийн зарим гишүүд 2025.11.05-аас 06-нд Эрдэнэт үйлдвэр болон тус үйлдвэрийн районд орших Эрдмин, Ачит-Ихт компаниудын үйл ажиллагаатай танилцаж, голлох мэргэжилтнүүдтэй уулзалт хийх ажлын аялалд оролцов.
Монголын Уул уурхайн академийн зарим гишүүд 2025.11.05-аас 06-нд Эрдэнэт үйлдвэр болон тус үйлдвэрийн районд орших Эрдмин, Ачит-Ихт компаниудын үйл ажиллагаатай танилцаж, голлох мэргэжилтнүүдтэй уулзалт хийх ажлын аялалыг амжилттай гүйцэтгэлээ.
Энэ аялалд тус Уул уурхайн академийн академчид болох профессор Я.Гомбосүрэн, профессор С.Цэдэндорж, профессор Б.Пүрэвтогтох, доктор Ч.Дүүжий, доктор Г.Тулгаа, доктор Х.Жаргалсайхан, доктор Л.Жаргалсайхан, доктор Б.Баттогтох нар болон тус академийн Ерөнхийлөгч, ШУ-ны доктор Х.Бадамсүрэн, Гүйцэтгэх захирал Б.Бат-Очир нар оролцлоо.
Аялалын багийг Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн дарга, доктор Д.Нямдорж хүлээж авч, уурхайнхаа үйл ажиллагаатай танилцуулахын зэрэгцээ ил уурхайн өнөөгийн байдал ба цаашдын хөгжлийн төлөвийн талаар ил уурхайн Ерөнхий геологи болон Ерөнхий маркшейдерийнхаа хамт презентешн үзүүлж, дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Ил уурхайн цаашдын гүнзгийрэлт болон хүчин чадал өсгөлтийн талаар нэлээд сонирхолтой ярилцлагыг энэ уулзалт дээр хийв.
Мөн баяжуулах үйлдвэрийн ҮТХ-ээс аялалын багийг шинээр байгуулж буй том бутлуурын суурийн ажилтай танилцуулахын хамт баяжуулах үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагааны талаар зарим мэдээллийг аялалын багт өгөв.
Ажлын аялалын багийг Эрдэнэт үйлдвэрийн 1-р орлогч захирал буюу Ерөнхий инженер, доктор Т.Батмөнх хүлээж авч, үйлдвэрийн ойрын жилүүдийн зорилт болон хүчин чадал өсгөлтийг 40 сая тоннод хүргэхэд хийгдсэн ажлынхаа тухай дэлгэрэнгүй ярьж, сонирхсон асуултад хариуллаа.
Энэ ажлын аялалын үеэр тус академийн Ерөнхийлөгч Х.Бадамсүрэн профессор С.Цэдэндоржид ОХУ-ын Уул уурхайн академиас ирүүлсэн Гадаадын гишүүний сертификатыг гардуулан өгч, хамт олноо төлөөлөн баяр хүргэлээ.
Ажлын аялалын баг мөн Эрдмин компанийн зэс кабелийн үйлдвэртэй нарийвчлан танилцав. Энэ үйлдвэр нь 60 гаруй төрлийн цахилгааны кабелийг үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрээ шинэчлэн ХБНГУ-ын тоног төхөөрөмж суурилуулсан байна. Үйлдвэрт гол тохиолдож буй хүндрэл нь манай зах зээл дээрх гаднын улсуудаас оруулж ирж байгаа хямд кабелууд нь борлуулалтын орлогод нөлөөлж байгааг энэ үйлдвэрийн Ерөнхий инженер Энхбаяр онцоллоо. Ер нь хүчин чадлынхаа 10-15 хувийг ашиглаж байгаа бөгөөд зах зээлийн борлуулалтыг зохицуулбал 5-6 дахин үйлдвэрлэлээ шууд нэмэгдүүлэх боломж бий гэв.
Мөн аялалын баг Ачит-Ихт компанийн голлох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, тус компанийн катодын зэсийн үйлдвэрийн өнөөгийн байдлын талаар санал солилцов. Ачит-Ихт компанийн уусгалтын процесс нь саарч, зэсийн үйлдвэрлэл нь багассан байна. Хүчин чадлаа нэмэгдүүлэх талаар нэлээд олон чиглэлээр судалгааны ажил хийхийн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрээс исэлдсэн хүдэр авах талаар саналууд тавьсан тухай танилцуулав. Эрдэнэт үйлдвэрийн районд хийсэн ажлын аялалын талаарх зургуудыг дор хавсаргав.
Ажлын аялалд оролцсон гишүүддээ талархал дэвшүүлье !







Comments