МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТУХАЙ
- Др. Б. Бат-Очир

- Apr 1
- 7 min read
Казакстан улсын Астана хотноо 2018 оны 6 дугаар сард зохион байгуулагдсан Дэлхийн уул уурхайн конгрессын 25-р хуралдааны үеэр Евразийн Уул уурхайн шинжлэх ухааны академи(EAMS)-ийг хэд хэдэн улсын уул уурхайн төлөөлөл, эрдэмтэд оролцон хуралдаж үүсгэн байгуулсан. Энэ үйл ажиллагааг Казакстаны Үндэсний уул уурхайн академийн тэргүүн, профессор Н.Рыспанов санаачлан зохион байгуулсан. Евразийн Уул Уурхайн Шинжлэх Ухааны Академи нь ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр улс орнуудын тэргүүлэх эрдэмтэн, мэргэжилтнүүд, уул уурхайн академи, институт, дээд сургуулиудыг эгнээндээ багтаасан, олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Энэ байгууллага нь 2023 оны 4 дүгээр сараас дүрмээ шинэчлэн Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академи болж өөрчлөгдөн зохион байгуулагдаад байна. Дэлхийн уул уурхайн академи нь орон орны уул уурхайн академиуд, уул уурхайн мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэж үйл ажиллагаагаа явуулах бөгөөд уул уурхайн тэргүүлэх болон ирээдүйн технологийн чиглэлээр судалгаа явуулах, улс орнуудын дэвшилтэт технологийг интеграцчилах чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлэхээр ажиллаж байна. Энэ олон улсын мэргэжлийн байгууллагыг үүсгэн байгуулсан улсуудын тоонд Монгол улс албан ёсоор ордог. Тухайлбал Дэлхийн Уул уурхайн конгрессын 25-р хуралдаанд оролцсон уг конгрессын Хүндэт гишүүн Д.Рэнчинханд, конгрессын гишүүн доктор Б.Бат-Очир нар нь одоогийн Дэлхийн Уул уурхайн академи буюу Евразийн Уул уурхайн шинжлэх ухааны академийг үүсгэн байгуулах хуралд улс орноо төлөөлөн санал өгч оролцсон юм. Тухайн үеийн Евразийн академиас оролцогч гишүүн улсууддаа Уул уурхайн шинжлэх ухааны академиа байгуулж, салбарынхаа эрдэмтдийг нэгтгэн, үйл ажиллагаагаа өргөтгөх чиглэлийг өгсний дагуу Монголын уул уурхайн эрдэмтэд үндэсний уул уурхайн академийг 2019 онд албан ёсоор байгуулж, түүний тэргүүнээр уул уурхайн инженер, МУ-ын анхны Ерөнхийлөгч, Монголын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, доктор, профессор П.Очирбатыг санал нэгтэй сонгон ажиллуулсан. Монголын Уул уурхайн шинжлэх ухааны академи (МУУШУА) нь өөрийн орны уул уурхайн техник, технологийн судалгааг дэлхийн түвшинд хүргэх, үндэсний судлаач эрдэмтдийг нэгтгэн уул уурхайн судалгааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, дотоодын судлаач мэргэжилтнүүдийг түлхүү бэлтгэх, олон улсын ижил төстэй байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, уул уурхайн салбарынхаа хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодотгон гаргах эрхэм зорилготой үндэсний мэргэжлийн судалгааны байгууллага юм.

2019 оны 9 дүгээр сарын 3-нд Минск хотод болсон Евразийн уул уурхайн академийн хуралд оролцож буй МУУШУА-ийн төлөөлөгчид
Монголын уул уурхайн шинжлэх ухааны академи (МУУШУА) нь 2019 онд дотоод зохион байгуулалтын бичиг баримтаа албан ёсоор бүрдүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2019 оны 9 дүгээр сард Беларусын нийслэл Минск хотод зохион байгуулагдсан Евразийн уул уурхайн академийн Тэргүүлэгчдийн хуралд өөрийн Ерөнхийлөгч, академич П.Очирбатаар ахлуулсан төлөөлөгчдөө оролцуулж, Казакстан болон Беларусын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Минскийн хуралдаанд оролцогчид Беларусын Солигорск хот дахь давсны уурхайн үйл ажиллагаатай танилцсан юм.

Мөн Евразийн уул уурхайн академийн Тэргүүлэгчдийн хурал 2020 оны 1 дүгээр сарын 28-29-нд ОХУ-ын Москва хотын Геологи, хайгуулын дээд сургууль дээр болсон бөгөөд уг хуралд Гүйцэтгэх захирал Б.Бат-Очир оролцож ОХУ-ын Уул уурхайн академитай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, гадаад харилцааныхаа үйл ажиллагааг өргөтгөв.
МУУШУА нь 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гишүүд болон уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтдийг оролцуулсан нээлттэй хуралдааныг Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт зохион байгуулж, өмнөх хугацаанд хийгдсэн ажлын тайланг танилцуулж, мөн 2020-2021 оны үйл ажиллагааны голлох чиглэлийг баталсан. Энэ хурлыг тус академийн Ерөнхийлөгч, академич П.Очирбат удирдан явуулсан ба Гүйцэтгэх захирал, доктор Б.Бат-Очир, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Гэрэлт-Од нар мэдээлэл хийж хуралд оролцогсдын санал бодлыг сонссон. Академийн энэ хуралд уул уурхайн хорь гаруй эрдэмтэд оролцсоноос дурдвал академич П.Очирбат, профессор Я.Гомбосүрэн, профессор Б.Лайхансүрэн, хүндэт профессор Д.Рэнчинханд, ш.у-ны доктор Х.Бадамсүрэн, ахмад инженер Д.Амгалан, академич, ш.у-ны доктор Ц.Нанзад, ш.у-ны доктор Б.Пүрэвтогтох, ш.у-ны доктор Л.Ням, доктор Д.Дондов, доктор Ч.Тэгшсайхан, доктор Д.Цогбаатар, доктор Л.Пүрэв, доктор Х.Жаргалсайхан, хүндэт профессор Д.Дамба, доктор Ц.Мөнхцэнгэл, доктор Б.Чинзориг, доктор Б.Батболд зэрэг эрдэмтэд оролцов. Мөн хурлын үеэр нэлээд эрдэмтэд тус академийн гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор гаргаж, элсэцгээсэн болно. Энэ хурлын үеэр Евразийн уул уурхайн академийн гишүүн болсон Х.Бадамсүрэн, Х.Жаргалсайхан нарын дипломыг гардуулсан бөгөөд Монголын Уул уурхайн академийн Дэд ерөнхийлөгч, доктор Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэрийн техникийн шинэчлэл” илтгэлийг тус хуралд танилцуулсан нь нэлээд сонирхолтой илтгэл болсон.


МУУШУА нь 2019-2023 онд гишүүдийнхээ тоог өргөтгөн үйл ажиллагаагаа тогтмолжуулах болон уул уурхайн шинжлэх ухааны чиглэлийн ном, сэтгүүлийг хамтран хэвлүүлэх, салбарын эрх зүйн орчны шинэчлэлд гишүүдийн саналыг нэгтгэн өгөх, мэргэжлийн компаниуд, төрийн бус байгууллагуудтай хамран ажиллах чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ Дэлхийн уул уурхай конгресс болон бусад орны уул уурхайн академиудтай холбоо тогтоож, гадаад хамтын ажиллагааны чиглэлд нэлээд идэвхтэй ажилласан байна. Мөн ОХУ-ын Горная промышленность сэтгүүлийн 2021 оны 3 дугаарт "Монголын уул уурхайн хууль, эрх зүйн орчны түүхэн уламжлал" өгүүллийг тус академийн Ерөнхийлөгч академич П.Очирбат нийтлүүлэв. Евразийн уул уурхайн академийн Ерөнхийлөгч Н.Рыспановын 60 насны ойд зориулж 2021 оны 6 дугаар сард “ Эрдэс баялгийн тойм” сонинд түүний ажил амьдралын тухай болон ЕАУУА-ийн тухай өгүүллийг тус академиас бэлтгэн хэвлүүлж нийтлүүлэв. Узбекийн Новоай хотод 2021 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан Азийн уул уурхайн анхдугаар конгресст Монголын уул уурхайн академийг төлөөлж геотехнологи болон уул уурхайн экологийн чиглэлээр 3 илтгэлийг академич П.Очирбат, доктор(Sc.D) Я.Гомбосүрэн, доктор (Ph.D) Б.Бат-Очир нар цахимаар тавьж хэлэлцүүлэв. МУУШУА нь байгуулагдсан цагаасаа Дэлхийн Уул уурхайн конгресс(ДУУК) той нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд ковидын дараах нээлттэй нөхцөл байдал дөнгөж үүсэж байсан 2022 оны 7 дугаар сарын 11-ээс 13-нд ДУУК-ын Олон улсын зохион байгуулах хорооны 103 дугаар хурлыг УУХҮЯ болон Эрдэнэт үйлдвэртэй хамтран Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан. Энэ хуралд Конгрессын дарга, профессор Marek Cala, Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Jasek Skiba нараас гадна УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Монголын үндэсний геологийн албаны дарга О.Чулуун, АМГТГ-ын Геологи, уул уурхайн газрын дарга С.Энхболд, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, Дэлхийн уул уурхайн конгрессын гишүүн, доктор Х.Бадамсүрэн, тус үйлдвэрийн Хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагааны бодлогын газрын орлогч дарга, доктор Б.Батболд, ШУТИС ын профессор Я.Гомбосүрэн, геологич профессор С.Жаргалан, Экспортлогчдын холбооны Тэргүүн, доктор Д.Галсандорж, Монгол нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал, конгрессын гишүүн Ж.Золжаргал, конгрессын гишүүн, МУУШУА-ийн Гүйцэтгэх захирал Б.Бат-Очир нарын албаны 30-аад хүн энэ хуралд оролцов. Энэ хуралд Энэтхэг, Польш, Чилийн нийт 10 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон бөгөөд 30 гаруй орны төлөөлөгчид онлайнаар оролцов. Энэтхэгийн төлөөлөгчдийг Конгрессын гишүүн Balaswamy Akala удирдан оролцсон бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Coal India Ltd корпорацын Ерөнхий захирал ноён Pramod Agrawal оролцож Монголын уул уурхайн яам, нүүрсний чиглэлээр ажилладаг Монголын талын холбогдох мэргэжилтнүүдтэй хурлын үеэр ажил төрлийн уулзалт хийлээ. Энэ удаагийн ОУЗБХ-ны 103-р хурлаар Монголын Уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг Салбарын 100 жилийн ололт амжилт болон зэс, нүүрс, газрын ховор элементийн чиглэлүүдээр дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд мөн Конгрессын 26-р их хурал болох Австралийн Брисбен дэх зохион байгуулах хорооноос гүйцэтгэж буй бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй хэлэлцсэн.



Монголын Уул уурхайн шинжлэх ухааны академиас 2022 оны 9 дүгээр сарын 21-нд Евразийн Уул уурхайн академийн тэргүүлэгчдийн хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулав. Энэ хуралд мөн цахим хэлбэрээр ихэнх төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол, Казакстан, ОХУ-ын төлөөлөгчид биечлэн оролцов. Энэ хурлаар МУУШУА-ийн Ерөнхийлөгч, академич П.Очирбатыг Евразийн академийн Тэргүүлэгчдийн даргаар сонгов. Мөн Евразийн академийг Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академи болгох тухай түүхэн шийдвэрийг гаргасан. Хуралдаанд ирсэн төлөөлөгчидийг Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Уул уурхайн долоо хоног-2022-ын хуралдаанд оролцуулж, мөн Эрдэнэт үйлдвэр, Ачит-Ихт үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулах ажлыг тус академиас зохион байгууллаа.


Монголын уул уурхайн шинжлэх ухааны академийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Бат-Очир нь 2023 оны 4 дүгээр сарын 28-29-нд Гүржийн нийслэл Тбилиси хотод зохион байгуулагдсан Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академи (ДУУШУА) ийн Тэргүүлэгчдийн хуралд оролцов. Уг хуралд Гүржийн уул уурхайн эрдэмтдээс гадна Казакстан, Монгол, Герман, Узбек, ОХУ-ын төлөөлөгчид оролцлоо. Энэ хурлыг ДУУШУА-ын Ерөнхийлөгч, профессор Н.Рыспанов, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Мукушева нар удирдан явуулсан. Энэ хурлаар ДУУШУА-ийн дүрмийг баталсан бөгөөд уг академийн үйл ажиллагааг евро-азиас гадна дэлхийн бусад регионуудад идэвхжүүлэх шийдвэр гаргасан юм. Мөн хуралдаанд Гүржийн Уул уурхайн шинжлэх ухааны академи байгуулагдсаныг зарлаж, уг академийг Гүржийн Уул уурхайн хүрээлэнгийн захирал доктор, профессор Н.Чихрадзе удирдах болсныг танилцуулсан. Хурлын төлөөлөгчдийг Гүржийн RMG компанийн алт, зэсийн Уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулсан. Дэлхийн Уул уурхайн конгрессын 26-р Их хурал Австралийн Брисбен хотод 2023 оны 6 дугаар сарын 25-29-нд зохион байгуулагдав. Энэ хуралд дэлхийн 70 гаруй орны 3500 төлөөлөгч оролцсон. Манай улсаас 8 байгууллагын 11 төлөөлөгч оролцож Монголын Уул уурхайн талаар 6 илтгэл хэлэлцүүлсэн. МУУШУА-аас уг хуралд Монголын талын 5 илтгэлийг нь хэлэлцүүлэх ажлыг хариуцан зохион байгуулсан бөгөөд тус академийг төлөөлөн Б.Бат-Очир, Х.Жаргалсайхан, Д.Дамба нар уг хуралд оролцлоо. Конгрессын энэ Их хурлыг бэлтгэх ажлын хэсэгт МУУШУА ийн төлөөлөл оролцон ажилласан.

Мөн 2023 оны 9 дүгээр сарын 12-нд Киргизийн Бишкек хотын Техникийн их сургууль дээр зохион байгуулагдсан ДУУШУА-ийн Тэргүүлэгчдийн хуралд МУУШУА ийн Ерөнхийлөгч, академич П.Очирбат, Гүйцэтгэх захирал, доктор Б.Бат-очир нар оролцов. Уг хуралдаанд Киргиз, Казакстан, ОХУ, Гүрж, Монголын төлөөлөгчид оролцлоо.
Энэ хурлаар шинээр байгуулагдсан Киргизийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн үйл ажиллагаатай танилцаж, зарим улс, орнуудын уул уурхайн мэргэжлийн байгууллагуудыг ДУУШУА-ийн дэмжигч гишүүнээр элсүүллээ. Тухайлбал ОХУ-ын Сибмехнобр институт болон Ростовгипршахт институт, мөн Киргизийн Эрдсийн судалгааны төвүүд ДУУШУА-ийн дэмжигч гишүүн болов. Дэмжигч гишүүн байгууллагууд нь ихэвчлэн аж ахуйн байгууллагууд байх бөгөөд тус арай өндөр гишүүнчлэлийн татвар төлөхөөр Дэлхийн уул уурхайн академийн дүрэмд нь тусгагдсан байдаг. Мөн энэ удаагийн хурлаар Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн даргаар МУУШУА-ийн Ерөнхийлөгч, академич П.Очирбатыг санал нэгтэй сонголоо. Энэ хурлаар дараагийн удаагийн Тэргүүлэгчдийн хурлыг 2024 оны дөрөвдүгээр сард Казакстан улсын Алмата хотод хийхээр шийдвэрлэв. Дээрх хурлуудад төлөөллөө оролцуулснаар МУУШУА-ийн гадаад харилцааны үйл ажиллагаа өндөр хэмжээнд явагдаж байгааг харуулж байна.
гэрээ эрх зүйн чиглэлээр мэргэшсэн зарим гишүүдийнхээ саналыг нэгтгэн гаргаж, мөн УИХ-д албан ёсоор хүргүүлээд байна. Тус академи нь өөрийн гишүүдээс гаргасан улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрхэн ажиллавал зохистой талаарх саналуудыг нэгтгэж “Уул уурхайн эрдэмтэд зөвлөж байна” товхимлыг бэлтгэн гаргаад байна. Монголын Уул уурхайн шинжлэх ухааны академи нь 2024 онд үйл ажиллагаагаа өргөтгөх, Дэлхийн Уул уурхайн конгресс болон Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академиас дэвшүүлж буй ашигт малтмалын олборлолтын нэн шинэлэг технологи луу чиглэсэн судалгааны сэдвүүдийг өөрийн орны нөхцөл боломжид тулгуурлан тодорхойлж, ийм чиглэлээр ажиллах зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, гишүүд эрдэмтдийнхээ судалгааны ажлуудаас нэгтгэсэн эмхэтгэлийг гаргах, олон улсын хэмжээнд зохиогдох эрдэм шинжилгээний болон уул уурхайн академиудын хурлуудад төлөөллөө оролцуулах, төр, засгийн байгууллагаас гаргах уул уурхайн эрх зүйн баримт бичгүүдэд санал өгөх чиглэлээр ажиллах болно. Өдгөө уул уурхайн академи нь 30-н гишүүнтэй бөгөөд тус академийн гишүүдээс Евразийн уул уурхайн академийн гишүүнээр 8 хүн, Казакстан, ОХУ-ын Уул уурхайн академийн гишүүнээр 6 хүн сонгогдоод байна. Мөн ОХУ, Гүрж, Казакстаны Уул уурхайн академиуд болон Беларусын Технологийн их сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байна. Одоогийн байдлаар тус академийн гишүүнээр элсэхээр 10 гаруй эрдэмтэд албан хүсэлт, материалуудаа ирүүлээд байна. Монголын Уул уурхайн шинжлэх ухааны академийн ойрын ирээдүйн зорилт нь Уул уурхайн салбарынхаа технологийн шинэчлэлийн голлох чиглэлийг тодорхойлоход чиглэгдэж байна.



Comments